“Сурагчдыг зорилгоор нь дамжуулан хөгжүүлэх боломж”

                     Говьсүмбэр аймгийн Шивээ-говь сумын 3 дугаар сургуулийн

бага ангийн багш Ц. Одончимэг ts.odonoo0525@yahoo.com
Хураангуй

Боловсролын салбарын шинэчлэлийн бодлого нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, зорилготой суралцах чадвартай болгох юм.

     Бага дунд боловсролын цөм хөтөлбөрийн агуулгад уялдаа холбоотойгоор орж ирдэг сурагчдыг зорилготой хийж буй үйл ажиллагаандаа ухаалгаар ханддаг чадвартай болгох нь сурлагын амжилт, төлөвшилд эергээр нөлөөлж, тэднийг  хөгжүүлж болно гэдгийг энэ өгүүллийн тусламжтайгаар танилцуулахыг зорьж байна.

           Прагматик сургалтын онолд үндэслэн сурагчдыг зорилгоор нь дамжуулан хөгжүүлэх боломжтой гэж үзээд сүүлийн  гурван жилд хэрэгжүүлсэн сургалтын аргад дүн шинжилгээ хийж, түүний үр дүнгээс танилцуулан, эерэг ба  сөрөг талыг дүгнэн үзэж, цаашид сурагчдад  зорилготой суралцах аргыг  сайн эзэмшүүлэхийн тулд  ухаалгаар зорилгоо дэвшүүлэн, үйл ажиллагаагаа төлөвлөж, үр дүнг зорилгын дэвтэрт тэмдэглэн өөртөө дүгнэлттэй ажиллуулж  сургах  явдал юм.

  Түлхүүр үг: Сэдэл, хөгжүүлэх сургалт, оюуны бүс, үйл ажиллагаа, амжилт

Зорилго:
Уг илтгэлээрээ сурагчид зорилгоо зөв тодорхойлж суралцах нь сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж байгааг судлан тогтоож, үнэлгээ дүгнэлт хийн, цаашид хэрэгжүүлэх ажлын  чиглэлээ боловсруулахад оршино.  

Зорилт:

  • Бага, дунд боловсролын цөм хөтөлбөр, 3 дугаар ангийн монгол хэлний хөтөлбөрт дүн шинжилгээ хийх.
  • Онол арга зүйн үндсийг судалж, өөрийн арга зүйгээ боловсруулах
  • Судалгааны ажлын үр дүнд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээ боловсруулах.
  • Судалгааны арга:
    Хэсэгчилсэн эрэл хайгуул хийх /Онолын үндэслэлийг судлах, өөрийн судалгааны ажилд ашиглах боломжийг хайх/
  • Анализ, синтезийн арга
  • Бодит байдалд дүн шинжилгээ хийх арга
  • Ерөнхийлөн дүгнэх арга

Судалгааны таамаглал : Сурагчид хийж буй үйл ажиллагаандаа ухаалгаар зорилготой ажиллаж сурах нь сурлагын амжилтад  эергээр нөлөөлнө гэсэн санааг дэвшүүлж байна.

Удиртгал

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэн, бие даан суралцах чадвартай болгох нь боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зорилго билээ.

      Иймд багш бид чадварлаг, өөрийгөө дайчлан суралцдаг, иргэн болгохын тулд бага боловсролоос нь тэдний сурах сэдэл, сонирхол, зорилго, хэрэгцээг судалж, амжилт гаргах идэвх сэдлийг бий болгох  нь чухал юм. Сурагчдын танин мэдэх үйл ажиллагааг зохион байгуулахад сонирхол, зорилго чухал ач холбогдолтой.

Бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн агуулгад сурагчдыг ухаалгаар зорилгоо дэвшүүлж, төлөвлөгөөтэй ажиллаж сургах чадварыг уялдаа холбоотойгоор эзэмшүүлэхээр зааж өгсөн.

      Монгол хэлний хичээлийн гуравдугаар ангийн агуулгад зорилгоо зөв тодорхойлж, төлөвлөгөө зохиож бичих, хүн ба орчин хичээлийн нэгдүгээр ангид хичээлийн хэрэглэлээ сонгох, бэлтгэх, хоёрдугаар ангид сурагч нь хаана, юуг, хэзээ, хэрэглэхээ зөв зохистой төлөвлөх, ХГҮА, иргэний боловсролын үйл ажиллагаанд хамт олноороо зорилгоо тодорхойлон ажиллаж сурна гэж заажээ.

Үүнээс үзэхэд багш бид бага ангиас нь эхлэн сурагчдыг зорилгоо зөв тодорхойлох, төлөвлөгөөтэй ажиллаж сурах чадварыг зайлшгүй эзэмшүүлэх нь харагдаж байгаа юм. Сурагчдыг нэгдүгээр ангиас нь эхлэн зорилготойгоор чиглүүлэн ажиллахад сурлагын үр дүнд эергээр нөлөөлж байна гэж үзсэн учир энэ судалгааны ажлыг хийлээ.

I БҮЛЭГ: СУРГАЛТЫН ЗАРИМ ХЭВ МАЯГ, ОНОЛ

1.1. Хөгжүүлэх сургалт

          Боловсролын түүхэнд догматик, уламжлалт, хөгжүүлэх, прагматик гэх  зэрэг олон хэв маягийн сургалт байсан. 19-р зууны дунд  үеэс эхлэн уламжлалт сургалтыг улам боловсронгуй болгох шаардлага гарч ирж, улмаар хөгжүүлэх сургалтын үзэл санаа газар авсан бөгөөд 20-р зуунд түүний олон хувилбарууд бий болсон. Жишээ нь асуудал шийдвэрлэх, программчилсан сургалт, оюуны үйлдлийг шатлан төлөвшүүлэх онол зэрэг.

20-р зууны эхэн үеэс эхлэн прагматик сургалтын үзэл санаа АНУ болон европын орнуудад дэлгэрсэн. Өнгөрсөн зууны дунд  үеэс эхлэн когнитив онол конструктив хандлага газар авч эхэлснийг бас тэмдэглэх нь зүйтэй. Германы дэвшилтэд сурган хүмүүжүүлэгч А. Дистервег хөгжүүлэх сургалтыг бие даасан онолын нэг урсгал болгон төлөвшүүлсэн.

Оросын нэрт сэтгэл зүйч Л. С. Выготский хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх асуудлаар өөрийн үзэл онолоо дэвшүүлснээр хөгжүүлэх сургалтын сэтгэл зүйн үндэс тавигдсан.

Тэрээр оюун ухааны хөгжлийн ойрын бүсийн тухай онолдоо хүүхдийн оюун ухаанд хөгжлийн 2 бүс байдаг гэж үзжээ. Жишээ нь:

Өнөөгийн бүс: Хүүхдийн яг одоо ойлгож, мэдэж, хийж, чадаж буй бүх зүйлс багтна.

Ойрын бүс: Хүүхэд одоохондоо ойлгохгүй, мэдэхгүй хийж чадахгүй байгаа ч томчуудын бага зэргийн тусламж, дэмжлэгтэйгээр ойрын ирээдүйд хийж чаддаг болох зүйлс орно.

Бид сургалтаа зохион байгуулахдаа хүүхдийн хөгжлийн өнөөгийн бүст тулгуурлаж ойрын бүсрүү чиглүүлэн явуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг энэ эрдэмтэд хийсэн байна.

Л. С. Выготскийн үзэснээр сайн зохион байгуулагдсан сургалт нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг араасаа дагуулдаг байна.

Олон эрдэмтэд сургалтыг хэрхэн зохион байгуулбал хүүхдийг хөгжүүлэх вэ? Гэсэн асуудлын хүрээнд судалгаа хийж өөрийн үзэл санаагаа дэвшүүлсэн байдаг.  Үүнээс Л. В Занков хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхийн тулд дараах дөрвөн зарчмыг дэвшүүлсэн. 

  • Сурагчдад мэдлэгийг онолын өндөр түвшинд эзэмшүүлэх
  • Сургалтыг түргэвчилсэн маягаар зохион явуулах
  • Сурагчдыг тодорхой хэмжээний бэрхшээлтэй учруулж, түүнийг даван туулах арга олгох
  • Сурагч хичээлийн явцад сурах үйлдэл бүрийг ухамсартай хийж гүйцэтгэх гэсэн аргуудаар хүүхдийг хөгжүүлж болно гэж үзжээ.

Үүнээс үзэхэд сурагчдыг хийж буй үйл ажиллагаандаа ухаалгаар зорилго дэвшүүлэн ажиллаж сургах нь тэдний оюун ухааныг хөгжүүлэх нэг зарчим болдог байна.

Зорилго гэж юу вэ?
Зорилго нь өөрийн мөрөөдөлд хүрэх арга замаа зөв тодорхойлж, сайн төлөвлөсөн  үйл ажиллагааг хэлэх бөгөөд хүний амьдралын чигийг зааж байдаг үнэт зүйл юм.

Зорилго нь Smart байх ёстой.

S- Specitic – тодорхой
M- Measurable – Хэмжигдэхүйц байх
A- Achivable – Хүрч болохуйц байх
R- Realistic – Бодитой байх
T- Timebaund – Хэрэгжих хугацаа тодорхой байх

Хүн бүхэн өөрийн гэсэн тодорхой зорилготой байдаг. Бидний амьдрал тоолж баршгүй боломжуудаар дүүрэн бөгөөд энэ их боломжуудыг хараад заримдаа төөрөх тохиолдол бий. Ингэж төөрснөөр бидний сэтгэл санаа сарниж, зорилгоо биелүүлэх хугацааг удаашруулдаг байна. Зорилгоо биелүүлэхийн тулд бидэнд асар  их тэвчээр, зүтгэл хэрэгтэйгээс гадна оюун ухаан, анхаарлаа 100% зорилгодоо төвлөрүүлэх хэрэгтэй болдог. “Ямарваа нэгэн юмыг хүн хоёр удаа бүтээдэг. Эхлээд оюун ухаандаа дараа нь бодит амьдрал дээр”

Зорилгоо сайн тодорхойлоод, төлөвлөлт сайтай ажиллах нь хүнд сэдэл болж өгдөг бөгөөд тухайн үйл явцыг тархи автоматаар таньж хүн өөрийн эрхгүй үйлдэл хийж, эхэлдэг байна. Тийм учраас зорилгоо тодорхойлсон хүний зорилгодоо хүрэх магадлал ажиллаагүй хүнийхээс 300%-иар их байдаг болохыг Харвардын их сургуулийн судлаачид судлан тогтоосон байна.

II БҮЛЭГ: СУРАГЧДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН СУДАЛГАА, ТҮҮНИЙ ҮР ДҮН.

2.1   Үйл ажиллагааны үр дүнг судалсан судалгаа

      Төлөвлөгөө бол амжилтын нэг хэсэг. Аливаа зорилгыг амжилттай биелүүлэхийн тулд зайлшгүй хэрэг болох зүйл бол эргэлзээгүй төлөвлөгөө юм. Анги бүрээр нь сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон зорилго тавин, төлөвлөгөө боловсруулж ажилласан.

Нэг хоёрдугаар ангид сурагчид хараахан бие даан суралцах чадвар эзэмшээгүй байдаг тул эцэг эхийн оролцоонд тулгуурлан, эцэг эхтэй хамтран зорилго дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулсан.

Харин гуравдугаар ангиас сурагчид зорилгоо дэвшүүлэн, төлөвлөх аргад суралцаж, ангийн нийт сурагчдад тулгамдаж буй асуудлыг ангийн зорилго болгон долоо хоног бүрээр төлөвлөж, ажиллахад  сургалтын үр дүнд хэрхэн нөлөөлснийг судалж үзлээ.  

Зорилго дэвшүүлээгүй эхний хоёр долоо хоногийн шалгалтыг авч гарааны үнэлгээ болгон одоогийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид сургалтын амжилтаа ахиулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн.  

Судалгаанаас харахад сурагчид цаашид сурлагын амжилтыг анхаарч ажиллах шаардлагатай бөгөөд энэ тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь ангийн зорилго болгон төлөвлөсөн.

Энэ шалгалтуудын үр дүнгээс харахад хүүхэд бүр зорилгоо тодорхойлон чээж бичиг бичиж, математикийн тарааж өгөх материалтай ажиллаж, төлөвлөсөн хугацаандаа үзүүлэн, алдаагаа засаж сайжруулж явсан нь шалгалтын дүнд нөлөөлсөн гэж үзэж байна. Маш сайн үнэлгээтэй сурагчдын тоо 4-20 болж өссөн,  анхаарах шаардлагатай үнэлгээтэй сурагчдын тоо 14-1 болж буурсан.

Энэ улирлын хувьд сурагчид сурлагын амжилтаа ахиулна гэж зорилго тавьсан төдийгүй мөн төлөвшлийн хувьд бусдыг хүндэлдэг, зөв мэндчилдэг болох зорилго тавин, үйл ажиллагаагаа долоо хоног бүрээр төлөвлөн ажилласан нь сургалтад болон хүүхэд бүрийн төлөвшилд нөлөөлсөн нь дээрх судалгаанаас харагдаж байна.
   Зорилготой суралцах аргыг өөрийн багийн багш нарын анги болох хоёрдугаар анги, гуравдугаар ангиудад туршин хэрэгжүүлж байна. Тухайн ангиудын сурагчдад гарч буй үр дүнг дараах графикаар үзүүллээ.

   Судалгаанаас дүгнэхэд энэ аргыг аль ч ангид ямар ч үйл ажиллагаанд хэрэглэж  болохоос гадна сурагчдыг бие даан ажиллаж сургахад илүү тохиромжтой гэж үзлээ.
    Зорилготой суралцах  аргыг хэрэгжүүлэх явцад бүх сурагчдад ахиц гарч байгаагүй бөгөөд дэмжлэг шаардлагатай Б, Н нарын хувьд өөртөө зорилго тавьж чадахгүй бие даан суралцах чадвар сайн эзэмшээгүй учраас зорилгоо биелүүлж ажиллахад бэрхшээлтэй байлаа. 
Энэ асуудалд  эцэг эхтэй хамтран ажилласнаар , тухайн сурагчид үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, сурлагын чанарт ахиц гарсан.

ДҮГНЭЛТ

Бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн монгол хэл, хүн ба орчин, хүн нийгэм хичээлүүдийн анги бүрийн агуулгад сурагчдыг зорилготой ажиллуулж сургах талаар уялдаа холбоотойгоор зааж өгчээ. Үүнд: I-III ангид монгол хэлний хичээлээр зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө зохиож сурах,     VI-IX ангид зорилгоо дэвшүүлэх арга хэлбэрээ сонгох, хүн ба орчин хичээлийн I-III ангид хаана юу хэрэглэхээ төлөвлөх, IV-V ангид өөрийн зорилгын үнэт зүйлээ тодорхойлох, ХГҮА., иргэний боловсрол, амьдрах чадварын үйл ажиллагаануудын агуулгад анги хамт олноороо зорилгоо боловсруулж, асуудлыг шийдвэрлэх, зорилгодоо хүрэх алхмаа төлөвлөж, хариуцлагатай хийж гүйцэтгэх хувийн зохион байгуулалт сайтай болно гэж тусгасан.

Цөм хөтөлбөрийн агуулгаас харахад сурагчдыг чадварлаг, өөрийгөө дайчлан суралцдаг иргэн болгохын тулд бага ангиас нь ухаалгаар зорилго дэвшүүлэн ажиллах чадварт  сургах нь багш бидний үүрэг болох нь харагдаж байна.

Зорилготой суралцах нь багшийн сургалтын арга зүйгээс их хамааралтай                Л. С. Выготский сайн зохион байгуулсан сургалт нь хүүхдийн хөгжлийг араасаа дагуулдаг гэж үзжээ. Иймд сурагчдыг зорилготой ухаалаг суралцах аргад сургахын тулд  оюун ухааны өнөөгийн  бүс буюу одоо мэдэж буй мэдлэгт тулгуурлан хараахан хийж чадахгүй байгаа зүйлийг нь  чиглүүлж, сэдэл өгөх замаар  сургалтаа зохион байгуулан, сурагчдыг зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.    

Сурагчид хийх зүйл нь тодорхой чиглэлтэй байхад илүү идэвхтэйгээр суралцаж, зорилгодоо хөтлөгдөн хийж буй үйл ажиллагаандаа дүгнэлттэй, ухаалгаар ханддаг бөгөөд энэ байдал нь тэднийг хөгжүүлж байна гэж үзлээ.

Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  1. Зорилготой сургалтын аргыг тасралтгүй хэрэгжүүлж, улам боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэх
  2. Хүүхэд бүрээр зорилгын дэвтэр хөтлүүлж, улирлын эцэст дүгнэлт хийн, зөвлөгөө өгөх
  3. Тухайн аргыг бусдад түгээн дэлгэрүүлэх боломжийг судлан, хэрэгжүүлэх
НОМ ЗҮЙ

Ишлэл татсан бүтээл

2.     (2014) Бага боловсролын цөм хөтөлбөр. Улаанбаатар

3.     Боловсролын чөлөөт хэвлэл. Багш-Эрдэнэ. Дугаар 5. 40-41.

4.     Дашхүү, Д. (1990) Сэтгэл судлал Улаанбаатар

5.     Ичинхорлоо, Ш. (2010) Сургалт Улаанбаатар

6.     (2015) Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Улаанбаатар

7.     (2015) “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2014”. Улаанбаатар: Очирпресс

Уншиж судалсан бүтээл

  • Бага боловсролын цөм хөтөлбөр УБ., 2014
  • Ш.Ичинхорлоо. Сургалт. УБ., 2010
  • Монгол хэл –III багшийн ном УБ., 2014
  • Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй УБ., 2014
  • Хүүхэд бүрийн хөгжил УБ., 2016
  • БСШУЯ бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал УБ., 2013
  • New Era success celebration УБ.,
  • google.com
  • Д.Дашхүү. Сэтгэл судлал. УБ., 1990
  • Шүтэлцэн амьдрахуй УБ., 2009
  • Монгол сургуулийн товчоон УБ., 2002
  • Боловсролын чөлөөт хэвлэл. Багш-Эрдэнэ УБ., 2017

Related Posts

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн